ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Хүүхдийг хэрхэн агаарын бохирдлоос хамгаалах вэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ ноцтой түвшинд хүрээд удаж байна. Хүйтний эрч чангарч, цас орсны дараагаас эхлээд бохирдол бүр ч аймшигтай хэмжээнд хүрдэг. Агаарын бохирдол бидний үр хүүхдийн амьсгалын эрхтнийг гэмтээж, уушгины өсөлтөд нь сөргөөр нөлөөлж байгаа учраас эхний ээлжид хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.

  • Хоол хийж байхдаа: Хоол хийх явцад их хэмжээний хиншүү, утаа гарах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ялангуяа наран цэцгийн тосноос их хэмжээний утаа ялгардаг учраас хоолоо түлэхгүй байж, оливийн тос зэргийг ашиглаж хэвших хэрэгтэй юм. Түүнчлэн гал тогооны өрөөнд агааржуулалтын системийг зөвөөр шийдэж, утаа, хиншүү гарч байгаа тохиолдолд хүүхдээ аль болох хол байлгах хэрэгтэй.
  • Машин доторх агаар бүр ч хортой: Маш олон хүн машин дотроо сууснаар гадаах агаарын бохирдлоос зугтаж чадлаа гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ машин доторх агаарын бохирдол гаднах агаараас 21 хувиар илүү эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж. 

Үүний учир нь машины яндангаас гарах утаа агаар шүүгчээр дамжин зорчигчийн бүхээгт орж ирдэг бөгөөд түгжрэлд явж байгаа нөхцөлд доторх агаараар агааржуулах сонголтыг сонгож хэвших хэрэгтэй. Ингэснээр гадна байгаа бохирдолтой агаарыг оруулахын оронд машин доторх агаарыг ашиглах юм.

            

  • Алхаж хэвших: Алхах нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл түгжрэлтэй замаас холуур алхаж явснаар агаарын бохирдлоос 30-60 хувиар өөрийгөө хамгаална.
  • Агаарын бохирдол ихтэй газруудаас хол байх: Агаарын бохирдол хэдхэн метр газрын хооронд үнэмлэхүй зөрүүтэй байх нь бий. Жишээлбэл барилгын хажуугийн замаар алхах, автомашины замын хажуугаар алхах хоёрын хооронд бохирдолд өртөх хэмжээ 30 хувийн зөрүүтэй. Ялангуяа бага насны хүүхэд газартай илүү ойрхон агаараар амьсгалдаг учраас автомашины замаас аль болох хол байлгах хэрэгтэй.
  • Цэвэрлэгээ хийхдээ анхаарах: Агааржуулагч бодис гэртээ цацах нь тийм ч сайхан санаа биш. Агааржуулагч цацсаны дараа ялгардаг үнэр нь үнэн хэрэгтээ ууршимтгай органик нэгдлүүд бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, толгой өвдөх, багтраа үүсгэх, улмаар хорт хавдар үүсгэх шалтгаан болдог.
  • Тамхи битгий тат: Гэрт ч бай, гадаа ч бай тамхи татах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг бид бүгд мэднэ. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө тамхинаас татгалзах хэрэгтэй. Зөвхөн гэртээ гэлтгүй, гадаа тамхи татаад орж ирэхэд таны хувцсанд бохирдуулагч бодис шингэдэг учраас хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
  • Хувь хүний хийж чадах зүйлс: Өөрөөсөө гадна бусдыг хордуулахгүй байх тухай бодоод нэг үзээрэй. Жишээлбэл асаалттай байгаа машинаас ялгарах хорт удаа их учраас зогссон үедээ унтрааж хэвших хэрэгтэй. Эсвэл автомашины хэрэглээгээ танах нь бүр ч үр дүнтэй арга.
  • Агаарын чанарын мэдээ харж хэвших: Агаарын чанарын мэдээг та agaar.mn сайтаас болон GoGo сайтаас тогтмол үзэж болно. Гэрээсээ гарахын өмнө хаана агаарын бохирдол хамгийн их байгааг харж, аль болох тэр чиглэлд явахгүй байх хэрэгтэй.

Зайлшгүй явах нөхцөлд тусгай зориулалтын амны хаалтыг зүүх хэрэгтэй. Амны хаалтыг агаарын бохирдол ихтэй үед тогтмол зүүж байгаарай.

  • Бага насны хүүхэд илүү өртөмтгий байдаг: Хүүхэд бага байх тусам агаарын бохирдлоос болж эрүүл мэндэд үүсэх сөрөг нөлөө их байдаг. Түүнчлэн өндөр настнууд, эхийн хэвлийд байгаа ураг хүртэл агаарын бохирдолд өртөмтгий. Тэднийхээ эрүүл мэндэд анхаарч, агаарын бохирдлоос сэргийлэх, агаар салхинд гарах зэргээр та гэр бүлээ хамгаалаарай.

   

Бид өдөр тутмын амьдралдаа сэргийлэх арга хэмжээг авснаар ойр дотныхон, гэр бүл, үр хүүхдээ бага ч гэсэн хамгаалж чадна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Буцах