ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ?

Дархлаа нь заавал бага насны гэлтгүй хүн болгонд байх ёстой. Энэ нь бие организм гадаад орчноос өөрийгөө хамгаалахын тулд дасан зохицох урвалыг хэлж байгаа юм.

Хүүхдийн дархлаа буруу хооллолтын үед, тухайлбал нярай хүүхдийг хөхөөр хооллоогүйгээс болж дархлаа нь мууддаг. Эсвэл хүүхэд ханиад томуу, суулгалт, харшил зэрэг ямар нэг өвчин туссаны дараа дархлаа нь суларна. Үүнээс гадна гадаад орчин, ахуйн нөхцөл, хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хооллох зэрэг хүүхдэд үзүүлж байгаа янз бүрийн орчны нөхцөл байдал хүүхдийн дархлаанд нөлөөлж байдаг. 

Дархлаа суларсан хүүхдэд ихэвчлэн дараах шинж тэмдгүүд илэрдэг.

   Дархлаа султай хүүхэд ерөнхийдөө амархан өвчлөмтгий болохоос гадна маш амархан ханиад хүрч, хоолондоо дургүй болно. Мөн багахан зэргийн юманд л харшил өгч, амархан харшламтгай болчихдог. Дархлаа суларсан хүүхдийг ажиглахад эдгээр ерөнхий шинж тэмдгүүд ажиглагддаг.

Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулах арга, хамгийн тустай хоол тэжээлүүд.

Хүүхдийн дархлааг гэрийн нөхцөлд сайжруулахын тулд нар ус, цэвэр агаарт явуулж чийрэгжүүлэх, хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал байдаг. Мөн бүх төрлийн хүүхдийн биеийн хөгжил, насанд тохирсон витаминыг уулгаж болно. 

Хавар, намрын улирлын үед хүүхдийн дархлаа их сулардаг учраас томуу, томуу төст өвчин тусах нь элбэг байдаг.

Үүнээс сэргийлэхийн тулд:

  1. Ам, хамрыг нь содатай усаар тогтмол зайлуулах.
  2. Хүүхдээ сайн унтуулж амраах
  3. Хоол унд, хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг амин дэмээр баялаг хоол унд өгөхөд анхаарах хэрэгтэй
  4. Даарснаас болж их дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх зэргийг эцэг эхчүүд бас анхаарах нь зүйтэй юм. /хүүхдээ улирал улиралд нь тохируулж хувцаслах хэрэгтэй/

Дараах орчныг бүрдүүлснээр хүүхэд эрүүл байх боломжтой.

  1. Хүүхдийн бие махбод маш хурдан өсөж торних тул түүнд цэвэр агаар нэн шаардлагатай. 
  2. Дулааны улиралд хүүхдийг төрсний дараах долоо хоногтойгоос нь гадаа гаргаж, хооронд нь завсарлагатайгаар 10-15 минутаас 2-3 цаг хүртэл агаарт байлгана.
  3. Сүүдрэвчинд агаарт унтуулсан ч болно. 
  4. Сэрүүний улиралд хүүхдийг +20°С-аас +22°С дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж, аажмаар хугацааг 10-5 минут хүртэл уртасган сэрүүнд дасгасны дараа гадаа гаргаж болно. 
  5.  Намар өвлийн улиралд 2-3 долоо хоногтойгоос нь дулаан хувцаслан -10°С-аас -15°С-ээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт 3-5 минут гадаа гаргаж болно. 
  6. Салхи шуургатай, агаарын бохирдол ихтэй үед хүүхдийг гадаа гаргах хэрэггүй. Харин цас, бороо орсны дараахан агаар цэнгэг байдгийг сануулах юун. 
  7. Хэдийгээр хүүхдийг гадаа (агаарт) гаргадаг ч гэсэн хотын агаар бохирдол ихтэй учир амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш цэвэр агаарт зугаалах нь ашигтай.

 

        “Эх хүүхдийн эрүүл мэнд” гарын авлага болон бусад эх сурвалжаас нийтлэв.

Буцах