ЛАВЛАХ УТАС: 1800-1801
Зөвлөгөө

Нүдэнд хамгийн хэрэгтэй 10 хүнсний бүтээгдэхүүн

Ертөнцийг харах мэлмий болсон нүд гэдэг та бидний хамгаас түрүүнд хайрлаж тордох учиртай хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Нүдээ хайрлаж хамгаалах хамгийн энгийн алхам бол хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгож хэрэглэх явдал бөгөөд ингэснээр хараагаа хэвээр нь хадгалж үлдэхээс гадна илүү сайжруулж, элдэв эмгэгт өртөхөөс хамгаалж болдог. 

          Энэхүү мэдээллийг та бүхэнд “The American Optometric Association”, “Cooking Light Magazine”, “Health Magazine” зэрэг эх сурвалжуудаас нэгтгэн хүргэж байна. Ингээд нэгэнт олон цагаар зурагт компьютер, ухаалаг гар утас зэрэг нүдэнд халгаатай зүйлсээ ширтэхгүй байж чадахгүй учраас мэлмийгээ хайрлаж хамгаалахын тулд өдөр тутам хэрэглэж байгаа хүнсэндээ анхаарцгаая. Жич: Жагсаалт мэдээлэлд нүдэнд сайн гэдэг нь нэгэнт батлагдчихсан луувангаас гадна хамгийн хэрэгтэй гэсэн хүнсний зүйлсийг авч үзсэн билээ.

1.      Улаан лооль

Мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар хурц гэрэлний нөлөөгөөр үүссэн торлогийн гэмтэлд улаан лоолинд агуулагддаг каротин, ликотин, С амин дэм эерэг нөлөө үзүүлдэг байна. Улаан лооль нь харааг хамгаалахын зэрэгцээ антиоксидант нэгдлээр баялаг учир нүдний гэлтгүй эрүүл мэндэд сайн гэдэг шүү дээ. Ялангуяа оливын тостой хамт хэрэглэвэл биед тань шингэх амин дэмийн шингэцийг илүү сайжруулж өгдөг ажээ.

2.      Өндөг 

Өндгөнд агуулагддаг лютеин болон витамин А нь нүдийг хуурайшихаас сэргийлж нүдний эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг. Өндөгний шар нь амин дэм Д - ээр баялаг бөгөөд энэ нь хөгшрөлтөөс үүссэн эвэрлэг бүрхэвчийн эмгэгээс сэргийлж өгнө. Мөн түүнчлэн харанхуйд харах чадварыг дээшлүүлж байдаг аж.

3.      Самар 

Газрын самар, ойн самар, хушга зэрэг ямар ч төрлийн самарт амин дэм Е ихээр агуулагддаг. Амин дэм Е нь нүдний эсүүдийг хамгаалж байдаг ба хөгшрөлтөөс үүсэх торлогийн эмгэг, цагаа унахаас сэргийлж өгнө.

4.      Наранцэцэгийн үр

Нүдийг тань эрүүл бөгөөд элдэв эмгэггүй байхад наранцэцгийн үр чухал нөлөөтэй. Энэ нь амин дэм Е ба цайрын эх үүсвэр болдог бөгөөд 28 гр - ийг идэхэд өдөрт авах шаардлагатай хэрэгцээнийхээ гуравны нэгийг авчихсан байдаг юм.

5.      Загас

Яргай, туна, сардин, хар амар, хар хайган зэрэг загасанд “Омега - 3” ихээр агуулагддаг. “Омега - 3” нь нүдийг хуурайшихаас сэргийлж өгдөг бөгөөд нүдний торлог гэмтэх, цагаа унах зэргээс хамгаалдаг. Зарим хүмүүс загаснаас хангалттай хэмжээний өөх тосыг авч чаддаггүй учраас загасны тосыг нэмэлт бүтээгдэхүүнээр орлуулах тохиолдол бий. Тэгвэл мэргэжилтнүүд химийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээс илүү антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

6.      Чихэрлэг төмс

Улбар өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь амин дэм А, С, каротинаар баялаг байдаг. Тухайлбал чихэрлэг төмс, жүрж, бэрсүүт жүрж, лууван, хулуу, тоор зэрэг нь нүдэнд хэрэгтэй шим тэжээлийг ихээр агуулна. Амин дэм С нь дархлааг дэмжихийн зэрэгцээ цагаа унах, торлогийн эмгэгээс сэргийлж өгдөг. Тухайлбал нэг аяга жүржийн шүүсэнд 124 мг амин дэм С агуулагддаг.

7.      Навчит ногоон ургамал

Бууцай, буржгар байцаа, брокколи зэрэг навчит ногоон ургамлууд нь лютеин болон зеаксантин зэрэг маш чухал пигментүүдийг агуулж байдаг бөгөөд эвэрлэг бүрхэвчийн эсийг нөхөн төлжүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. Мөн түүнчлэн нүдэнд цагаа унахаас сэргийлнэ. Бууцай, буржгар байцаанаас ердөө нэг аягыг л идэхэд 20 мг лютеин, зеаксантин авдаг. Эдгээрийг идсэнээр хараа сайжраад зогсохгүй хараагаа удаан хугацаагаар муутгадаггүй. Мөн түүнчлэн улаан, ногоон, шар чинжүү болон перецний төрлийн хүнсний зүйлсийг байнга хэрэглэж заншаарай.

8.      Элэг, үхрийн мах

Загасны махнаас гадна шүүрхий элэг, шувууны мах, үхрийн бараан мах, сүү, жигнэсэн шош зэргийг хүнсэндээ хэрэглэж байгаарай. Эдгээрт цайр ихээр агуулагддаг учир нүдэнд цагаа унахаас сэргийлнэ. Ерөнхийдөө цайр дутсанаар хүний нүд харанхуйд харах чадвараа гээдэг юм.

9.      Оливын тос 

Газар дундын тэнгисээс гаралтай загас, навчит ногоон ургамал, эрүүл өөх тос нь хараанд хамгийн сайн гэгддэг. Австрали эрдэмтдийн явуулсан судалгаагаар оливын тосыг байнга хэрэглэдэг хүмүүсийн 48% нь нүдний аливаа эмгэгт өртөх магадлал буурсан байдаг аж. Оливын тос худалдаж авахдаа антиоксидантын эзлэх хувь илүүг буюу цэвэр оливын тосыг сонгоорой.

10.      Бүхэл үрийн бүтээгдэхүүн 

Бор будаа, овьёос, хивэг зэрэг бүхэл үрийн хүнсний бүтээгдэхүүн нь цайр, Е амин дэмээр баялаг байдаг. Эдгээр нь нүдний эрүүл мэндийг хамгаалж байдаг ба хөгшрөлтөөс үүсдэг эвэрлэг бүрхэвчийн эмгэгээс сэргийлж өгдөг. 

Эх сурвалж: www.bunny.mn

 

Буцах